ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ

2022 оны ... сарын ... -ны өдөр                                                                                   Улаанбаатар хот

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Энэхүү гэрээг хэрэглэгчийн үнэт цаас худалдан авах болон буцаан худалдах захиалгыг баталгаажуулан Монгол Улсын Иргэний хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн Зохицуулах Хорооны журам холбогдох эрх зүйн актуудыг үндэслэн нэг талаас Монгол улсын иргэн буюу хэрэглэгч, нөгөө талаас Мандал Хуримтлал хамтын ХОС нь дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав. Талууд энэхүү гэрээг зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр талууд тохиролцсонд тооцогдоно.

1.1      Нэр томьёо:

1.1.1    Үйлчилгээ үзүүлэгч эсхүл Сан: Мандал Хуримтлал хамтын ХОС,

1.1.2    Хэрэглэгч эсхүл Нэгж эрх эзэмшигч: Энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хөрөнгийн оруулалтын сангийн нэгж эрхийг худалдан авч, хөрөнгө оруулалтын сангийн үйлчилгээ авч байгаа нэгж эрх эзэмшигч,

1.1.3    Мандал Хуримтлал хамтын ХОС-ын үйлчилгээ: Хэрэглэгчийг Нэгж эрх эзэмшигчээр бүртгэх, Кастодианд номиналь данс нээлгэх, хөрөнгө оруулалт хийх, үнэт цаасны дансны гүйлгээтэй холбоотой харилцаанд Хэрэлэгчийн өмнөөс Компанитай гэрээт Кастодианы өмнө хэрэглэгчийг төлөөлөх үйлчилгээг үзүүлэх,

1.1.4    Кастодиан: Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг тухайн сангийн хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хөрөнгөөс тусгаарлан хадгалж, төлбөр, тооцоог гүйцэтгэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, хөрөнгө оруулалтын сангийн гишүүдэд холбогдох мэдээллийг өгөх зэрэг үйлчилгээг хууль болон хөрөнгө хадгалах гэрээний хүрээнд үзүүлэх кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай хуулийн этгээд;

1.1.5    Мандал Хуримтлал- Үйлчилгээ үзүүлэх аппликэйшн

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2.1      Нэгж эрх эзэмшигчийн эрх:

2.1.1    Цахим гүйлгээ хийхгүйгээр бүртгүүлэх

2.1.2    Сангийн танилцуулга, бодлогын баримт бичигтэй танилцах;

2.1.3    Хувь хүн гэсэн хэлбэрээр бүртгүүлэх;

2.1.4    Санд хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой цахим гүйлгээ хийх;

2.1.5    Сангийн нэгж эрхийг худалдан авах;

2.1.6    Худалдаж авсан нэгж эрхээ буцаан Санд худалдах;

2.1.7    Хууль, тогтоомжид заасан бусад эрх;

2.2       Нэгж эрх эзэмшигчийн үүрэг:

2.2.1    Хувийн мэдээллээ, үнэн зөв, бүрэн өгөх, хэрэв хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр мэдээллээ шинэчлэх;

2.2.2    Нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалыг хамгаалах болон аюулгүй байдлыг хангаж шаардлагатай тохиолдолд өөрчлөх;

2.2.3    Хэрэглэгч нь нэвтрэх нууц үг, ПИН код, нэвтрэх эрхээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй мэдэгдэх;

2.2.4    Хөрөнгө оруулалт хийхдээ мөнгөн дүнг зөв оруулж сайтар нягталсны дараа баталгаажуулах бөгөөд буруу оруулснаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээх;

2.2.5    Мөнгөн дүнг зөв оруулж сайтар нягталсны дараа баталгаажуулах бөгөөд буруу оруулснаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээх үүрэгтэй;

2.2.6    Мандал Хуримтлал -ээр  дамжуулан гүйцэтгэсэн аливаа худалдан авалтыг хариуцах;

2.2.7    Мандал Хуримтлал аппликэйшнийг ашиглахдаа аливаа хувь хүнийг төлөөлөн ашиглахыг хориглох бөгөөд ийнхүү төлөөлөл хэрэгжүүлсэн тохиолдолд үүсэн гарах үр дагавар, хууль зүйн болон бусад хариуцлагыг дангаар хүлээнэ;

2.2.8    Хэрэглэгч нь аль нэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлөн Мандал Хуримтлал ийг ашиглаж байгаа бол тус хэрэглэгч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлөх эрх олгогдсон бөгөөд тухайн аж ахуйн нэгж байгууллага нь энэхүү нөхцөлийг мөн хүлээн зөвшөөрсөнд тооцох тул хэрэглэгчийн төлөөлөн хийсэн аливаа үйлдлийн үр дагавар, үүрэг, хариуцлагыг хэрэглэгч болон тухайн аж ахуйн нэгж, байгууллага хүлээхийг үүгээр баталгаажуулах;

                   ГУРАВ.  ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ

3.1      Үйлчилгээ үзүүлэгчийн эрх:

3.1.1      Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг      шаардах,

3.1.2      Шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах;

3.1.3      Мандал Хуримтлал  нь дараах тохиолдолд урьдчилсан сануулалгүйгээр хэрэглэгчийн эрхийг түр хаах, шаардлагатай тохиолдолд гэрээг дуусгавар болгоно. Үүнд:

3.1.3.1      Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн

3.1.3.2      Хэрэглэгчийн эрхээ хууль бус үйл ажиллагаанд ашигласан

3.1.3.3      Худал, мэдээлэл өгсөн

3.1.3.4      Мандал Хуримтлал ийн үйл ажиллагаанд саад учруулсан

3.1.3.5      Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн дансны зарлагын гүйлгээг зогсоох, шаардлагатай тохиолдолд эрхийг түр хаах болон цуцлах,

3.2      Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг:

3.2.1         Гэрээ болон хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн     мэдээллийг бусдад үл задруулах;

3.2.2         Мандал Хуримтлал нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын сацуу хэрэглэгчийн оруулсан аливаа мэдээллийг хуульд заасан шаардлагын дагуу эрх бүхий хуулийн байгууллага болон бусад эрх бүхий этгээдийн шаардлагын дагуу тухайн шаардсан хэмжээгээр гаргаж өгөх;

3.2.3         Хэрэглэгчийн биеийн давхцахгүй өгөгдлийг Мандал Хуримтлалын аливаа систем, серверт хадгалахгүй;

3.2.4         Хэрэглэгчийн нэгж эрх худалдан авах, буцаан худалдахтай холбогдох гүйлгээг өөрийн техникийн боломж, хүчин чадлын хүрээнд түргэн шуурхай найдвартай гүйцэтгэх;

3.2.5          Хэрэглэгчийн Санд хөрөнгө оруулсан хөрөнгийг банкны Кастодиан үйлчилгээг ашиглан байршуулж хуулийн дагуу зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгийг байршуулах;

ДӨРӨВ. САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН ТУХАЙЛСАН БҮРТГЭЛ

4.1      Сангийн нэгж эрхийн тухайлсан бүртгэлийг Хөрөнгө хадгалах гэрээний дагуу Санд үйлчилгээ үзүүлж байгаа кастодиан хөтөлнө. Тухайлсан бүртгэлийн мэдээллийг Хэрэглэгч нь Мандал Хуримтлалаар дамжуулан харна.

4.2      Сангийн нэгж эрхийг кастодиан тусдаа дансанд бүртгэнэ.

4.3      Нэгж эрхийн бүртгэлийг хийхэд шаардлагатай баримтын шаардлагыг Үйлчилгээ үзүүлэгч нь кастодианаас тодруулж Хэрэглэгчид мэдээлэх ба Хэрэглэгч нь холбогдох мэдээлэл, баримт бичгийг зохих ёсоор гаргаж өгч нэгж эрхийн бүртгэлийг хийлгэнэ. Холбогдох баримтыг хүлээн авч бүртгэх ажиллагааг кастодиан бие даан хийх бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч болон Хэрэглэгчийн зүгээс алдаатай эсхүл буруу мэдээлэл өгснөөс үүдэн гарах эрсдэл, зөрүү болон бий болох хохирлыг кастодианы үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.

4.4      Хөрөнгө оруулалт хийхдээ гүйлгээний утгыг зөв бөглөх үүрэгтэй бөгөөд хэрэв зөв бөглөөгүй тохиолдолд гүйлгээ буцаагдана.

4.5      Кастодианы систем доголдсоны улмаас үүсэх асуудлыг САН хариуцахгүй.

4.6      Бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол Үйлчилгээ үзүүлэгч нь таны үйлчилгээний эрх нээлгэх хүсэлтийг хянах болон үйлчилгээний эрх нээхээс татгалзах эрхтэй бөгөөд та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч, Үйлчилгээ үзүүлэгчид учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.

                             ТАВ. НЭГЖ ЭРХ ХУДАЛДАН АВХ БОЛОН БУЦААН ХУДАЛДАХ

5.1      Хэрэглэгч нь нэгж эрх худалдан авах тохиолдолд   онлайн арилжааны системээр дамжуулан захиалга өгөх бөгөөд захиалга биелэгдэх өдрийн цэвэр хөрөнгийн үнэ цэнээр буюу зах зээлийн ханшаар худалдан авна.

5.2      Нэгж эрх эзэмшигч нь нэгж эрхээ буцаан худалдах захиалга өгөх тохиолдолд   онлайн арилжааны системээр дамжуулан захиалга биелэгдэх өдрийн цэвэр хөрөнгийн үнэ цэнээр буюу зах зээлийн ханшаар Санд буцаан худалдана.

5.3      Буцаан худалдах захиалга доорх хоёр нөхцөлтэй байна. Ингэхдээ захиалга нь энэхүү Гэрээний 5.4 болон 5.6-т заасны дагуу хэрэгжинэ.

5.3.1      Нэгж эрх эзэмшигч нь ажлын тав (5) хоногийн өмнө Санд нэгж эрхээ буцаан худалдах захиалга өгсөн тохиолдолд ямар нэгэн хөнгөлөлт тооцохгүй.

5.3.2      Нэгж эрх эзэмшигч нь буцаан худалдах захиалга өгсөн даруйдаа буцаан худалдах бол Санд гурван (3%) хувийн хөнгөлөлттэй үнээр худалдана.

5.4       Сан нь зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригуудад нэгж эрхээ буцаан худалдан авах гүйлгээ хийнэ.

5.5      Буцаан худалдах захиалгын дагуу захиалга өгсөн цаг, өдрөөс хамаарч буцаан худалдан авах гүйлгээ хийгдэнэ.

5.6      Буцаан худалдах захилга өгсөний дараа Мандал Хуримтлал дээр гарч ирсэн анхааруулгыг зөвшөөрснөөр анхааруулгын дагуу буцаан худалдах гүйлгээ хийгдэнэ. 

5.7      Буцаан худалдах захиалга нь зөвхөн энэхүү Гэрээний 5.4-т заасан өдрүүдэд биелэгдэнэ.

5.8      Сан нь нэгж эрхээ эргүүлэн худалдан авахдаа захиалга биелэгдэх өдрийн сангийн зарласан цэвэр хөрөнгийн үнэ цэнээр тооцно.

5.9      Сан нь нэгж эрх эзэмшигчийн нэгж эрхийг энэхүү Гэрээний 5.3.1-т заасан хугацаанаас өмнө эргүүлэн худалдан авах тохиолдолд дараах нөхцөлөөр нарийвчлан зохицуулна.

5.9.1      Нэгж эрх эзэмшигч нь нэгж эрхээ Санд буцаан худалдах тохиолдолд тухайн үеийн цэвэр хөрөнгийн үнэ нь анх оруулсан цэвэр хөрөнгийн үнээс бага бол хөнгөлөлт тооцохгүй ба тухайн үеийн цэвэр хөрөнгийн үнээр тооцно.

5.9.2      Нэгж эрх эзэмшигч нь нэгж эрхээ хөнгөлөлттэй үнээр буцаан худалдах тохиолдолд анх оруулсан цэвэр хөрөнгийн үнэ цэнээс бага бол анх оруулсан цэвэр хөрөнгийн үнэ цэнээр тооцож хөнгөлөлтийг бууруулна.

5.10     Нэгж эрх эзэмшигчийн буцаан худалдах захиалга доорх үндэслэлээр ажлын 10 хоног хүртэлх хугацаанд түр хүлээгдэж болно.

5.10.1 Тухайн өдөрт Сангийн нийт активын 25% хувьтай тэнцэх хэмжээний буцаан худалдах захиалга ирсэн тохиолдолд;

5.10.2 Тухайн долоо хоногийн Даваа гарагаас Ням гараг хүртэлх хугацаанд Сангийн нийт активын 40% хувьтай тэнцэх хэмжээний буцаан худалдах захиалга ирсэн тохиолдолд;

5.11     Сангийн менежер нэгж эрх эзэмшигчтэй тохиролцсон тохиолдолд энэхүү Гэрээний 5.3.1. болон 5.8-т заасан хугацааг нэмж сунгаж болно.

5.12     Буцаан худалдах захиалга түр хүлээгдэх тохиолдолд Сангийн менежер нэгж эрх эзэмшигчтэй тохиролцон захиалгыг энэхүү Гэрээний 5.3.1 болон 5.8 дах хэсэгт заасан хугацааны дотор хэсэгчлэн гүйцэтгэж болно.

5.13     Буцаан худалдах захиалга энэхүү Гэрээний 5.3.1 болон 5.8 дах хэсэгт заасанчлан хугацаанд хүлээгдэж байх хооронд бусад нэгж эрх эзэмшигчээс ирсэн захиалгыг Сангийн менежер нэгж эрх эзэмшигчтэй тохиролцон энэхүү Гэрээний 5.4 дах хэсэгт заасан өдрүүдэд захиалгыг гүйцэтгэж болно.

5.14     Нэгж эрх эзэмшигч нь тусгай нөхцөлд Сангийн менежертэй тохиролцсоны үндсэн дээр хөнгөлөлтийн үнийг тогтоож болно.

5.15     Нэгж эрх эзэмшигч нь энэхүү Гэрээний 5.3.1 болон 5.8 дах хэсэгт заасан хугацаанаас өмнө хүсэлтээсээ татгалзаж болно.

5.16     Үйлчилгээ үзүүлэх Мандал Хуримтлал аппликэйшн дээр гарах өгөөж нь зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно.

ЗУРГАА. БАТАЛГАА, ЗӨВШӨӨРӨЛ

6.1      Хэрэглэгч миний арилжааны мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны дагуу бүрдсэн бөгөөд хэрэлэгч, түүний удирдлага, ажилтан нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмждэггүй, санхүүжүүлдэггүй мөн энэхүү мөнгөн хөрөнгө нь дээр дурдсан үйл ажиллагаанд зарцуулагдахгүй, аливаа хэлбэрээр хамааралгүй болохыг үүгээр БАТАЛЖ байна.

6.2      Хэрэглэгч би төлбөрийг 100 хувь урьдчилан байршуулсны үндсэн дээр арилжааны захиалга өгнө гэдгээ үүгээр БАТАЛЖ байна.

6.3      Үйлчилгээ үзүүлэгч  нь Хэрэглэгчийн хөрөнгө оруулалтын захиалга, гүйлгээг түргэн шуурхай, алдаагүй гүйцэтгэж, гүйлгээний мэдээлэл, нууцлалыг чанд хадгалан өөр зорилгоор ашиглахгүй, хууль журамд зааснаас бусдаар гуравдагч этгээдэд задруулахгүй гэдгээ үүгээр БАТАЛЖ байна.

6.4      Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нэгж эрх эзэмшигчээр бүртгэх, түүнтэй холбоотой өөрчлөлт оруулах зорилгоор Кастодианд дамжуулах, хууль, тогтоомжийн дагуу ашиглахыг ЗӨВШӨӨРЧ байна.

6.5      Сангийн бодлогын баримт бичиг, нэгж эрх гаргах ажиллагааг сайтар анхааран судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргасан болохыг БАТАЛЖ байна.

6.6      Үйлчилгээ үзүүлэх Мандал Хуримтлал аппликэйшн дээр гарах өгөөж нь АМЛАЛТ биш гэдгийг хүлээн ЗӨВШӨӨРЧ байна.

 

ДОЛОО. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ

 

7.1      Системийн үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд Мандал Хуримтлалын хамтын ХОС нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно. Үүнд:

7.1.1      Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үүсгэн байгуулж буй сангийн мэдээлэл болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад мэдээллийг хүргэх зорилгоор таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: таны харилцах дугаарлуу холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх гэх мэт,

7.1.2      Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх,

7.1.3      Техникийн засвар хийх,

7.1.4      Системийн судалгаа ба хяналтад зориулж зохицуулалт хийх,

7.1.5      Нэгж эрхийн бүртгэлийг кастодианаар хийлгэх,

                            НАЙМ.  ОЮУНЫ ӨМЧ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

8.1.     Үйлчилгээ үзүүлэгч  нь хувийн мэдээллийн бодлогын дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл Гэрээг зөрчсөн бол үүнтэй холбоотой Хэрэглэгчид учирсан бодит хохирлыг бүрэн хариуцна.

8.2.     Үйлчилгээ үзүүлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авсан болно.

ЕС. ХАРИУЦЛАГА

9.1  Үйлчилгээ үзүүлэгч  нь хувийн мэдээллийн бодлогын дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл Гэрээг зөрчсөн бол үүнтэй холбоотой Хэрэглэгчид учирсан бодит хохирлыг бүрэн хариуцна.

9.2  Хэрэглэгч нь “Мандал Хуримтлал” системд нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлалаа чандлан хадгалах бөгөөд нууцлалаа алдсанаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ.

9.3  Хэрэглэгч нь “Мандал Хуримтлал” системд нэвтрэх нэр болон нууц үгийн нууцлалыг өөрийн эцэг эх, эхнэр/нөхөр, хүүхэд болон бусад этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар задруулсны улмаас үүсэх үр дагаврыг Үйлчилгээ үзүүлэгч  хариуцахгүй болно.

9.4  Хэрэглэгч Үйлчилгээ үзүүлэгчийн онлайн арилжааны системийг ашиглах тохиолдолд өөрийн интернэт холболтын шугам, ашиглаж буй /гар утас, компьютер, таблет гэх мэт/ төхөөрөмжийн хэвийн аюулгүй ажиллагаа мөн дансандаа нэвтрэх нэр, нууц үгийн аюулгүй байдлыг өөрөө хангах үүрэгтэй ба хангаагүйгээс мөн мартсанаас үүдэн гарах аливаа хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.

 

АРАВ. НУУЦЛАЛЫН БОДЛОГО

 

10.1.     Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол улсын иргэн “Мандал Хуримтлал” системийг ашиглах, хэрэглэгчээр бүртгүүлэх, “Мандал Хуримтлал” системийг ашиглан данс нээх, нэгж эрх худалдан авалт хийхтэй холбогдон хувийн мэдээллийг хэрэглэгчээс авах болон ашиглахтай холбоотой мэдээлэл өгөх зорилготой юм. Энэхүү Нууцлалын бодлого нь манай Үйлчилгээний нөхцөлийн нэмэлт бөгөөд салшгүй хэсэг юм.

10.2.     “Мандал Хуримтлал” систем нь дараах тохиолдлуудад иргэн таны /цаашид “Хэрэглэгч” гэх/ мэдээллийг цуглуулна.

               10.2.1.   Хэрэглэгч гэдэг нь “Мандал Хуримтлал” системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн, хувийн мэдээллээ оруулж буй хувь хүнийг хэлнэ.

               10.2.2.   Хэрэглэгч “Мандал Хуримтлал” системд бүртгүүлэх үед хэрэглэгчийн овог, нэр, регистрн дугаар, гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир тухайн Хэрэглэгчээс өөр хэн нэгэн этгээд нууц үгийг мэдэх, харах боломжгүй.

10.3.     Мандал Хуримтлал” системийн үйлчилгээний нөхцөлийн дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд “Мандал Ассет Менежмент” ХОМК нь Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.

10.4.     Энэхүү Нууцлалын бодлого нь өөрчлөгдөх боломжтой.

10.5.     Хэрэв Энэхүү Нууцлалын бодлого өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаягт эсвэл “Мандал Хуримтлал” системээр дамжуулан хэрэглэгчид мэдэгдэх болно.

10.6.     Нууцлалын бодлого өөрчлөгдсөн огнооноос хойш хэрэглэгч “Мандал Хуримтлал” системийг ашигласнаар Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

АРВАН НЭГ. ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

 

11.1      Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авч ажлын 5  өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацааг   30 хүртэл хоногоор сунгаж болно.

11.2      Энэхүү хувийн мэдээллийн бодлоготой холбоотой үүсэх аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх ба зөвшилцөлд эс хүрвэл Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

АРВАН ХОЁР . БУСАД

 

12.1        Хэрэглэгч энэхүү гэрээтэй бүрэн танилцаж, зөвшөөрөх товч дарснаар гэрээ хүчин төгөлдөр болно.  

12.2        Талуудын төлөөлөл, удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, менежерүүд өөрчлөгдсөн зэргээс үл хамааран үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр байна.